Задгай мөнгөө дансандаа хуримтлуулья
2019-12-13

Автомат хуримтлалын санааг одоогоос хоёроос гурван жилийн өмнө гадаадын банкууд идэвхтэй ашиглаж эхэлсэн байдаг. Банкны картаараа тооцоо хийх, эсвэл хэрэглээний зээл, төлбөрөө төлөхөд таны дансан дахь мөнгийг тэгшитгэн үлдээгээд, задгай мөнгийг нь автоматаар хадгаламж руу нь шилжүүлчихнэ гэсэн үг. Анх Америкад нэвтэрч эхэлсэн “Задгай мөнгөө хадгал” нэртэй энэхүү аргыг олон банк гүйлгээндээ нэвтрүүлээд байна. Харин өдөр, цаг, мөнгөний хэмжээ, орлогын хувиар тооцоолон харилцах данснаас нь хуримтлалын данс руу нь автоматаар шилжүүлэг хийдэг үйлчилгээг манай улсын бүх арилжааны банк үзүүлж байгаа. Цалингаасаа сар бүр тодорхой орлогыг хадгаламжиндаа автоматаар шилжүүлчихдэг үйлчилгээг бид өргөн хэрэглэж байна. Тэгвэл дээр дурдсан хариулт мөнгөний хуримтлал буюу задгай мөнгөө цуглуулах технологийг одоогоор Төрийн банк санал болгоод байгаа. Задгай мөнгөний автомат хуримтлалын үйлчилгээгээр таны картаараа худалдан авсан төлбөрүүд, данснаасаа хэрэглээний төлбөр хийсэн гүйлгээ болон зээл төлөлтөөр төлж байгаа бүхий л гүйлгээнээс таны сонгосон бүхэлчлэлээр зөрүү мөнгө тооцогдож таны данснаас хуримтлалын хадгаламж руу автоматаар шилждэг байна. Жишээ нь та картаар хийх худалдан авалтаасаа мянгачлах нөхцөлөөр хуримтлал үүсгэхээр сонгосон бол таны 12277 төгрөгийн худалдан авалтын гүйлгээ хийгдэхэд банк автоматаар 13000-д тэгшитгэн тооцож зөрүү 733 төгрөгийг хуримтлалын данс руу нь шилжүүлчихнэ гэсэн үг. Мянгачлах, таван мянгачлах, арван мянгачлах гээд гурван сонголтоос сонгоод зөрүүгээ хадгалаад байж болох нь ээ. Үнэндээ данснаас гарч байгаа 12277 болон 13000 төгрөгийн хооронд тухайн цаг үед тийм ч их ялгаа мэдрэгдэхгүй. Харин гүйлгээ болгоны зөрүү болох бутархай мөнгөнүүд нь нийлсээр хуримтлалыг тань өсгөсөөр байх болно гэсэн үг. Дуслыг хураавал далай гэдэг дээ.


М.ӨНӨРЖАРГАЛ


Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.
Та сэтгэгдлээ манай системд нэвтрэн бичиж болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд info.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11318649 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:
Сэтгэгдэл:
топ 20 мэдээ